Та номыг унших уу? сонсох уу?

Мэдээ, мэдээлэл

Та номыг унших уу? сонсох уу?

Ном унших нь тархины фитнесс бөгөөд мэдлэгийг тэтгэгч эх ундарга билээ. Гэвч орчин үеийн энэ завгүй хэмнэлд бүхий л зүйл хурдтай өрнөж, хэсэг амс хийх зуур л нийгмээс хоцрогдож байгаа мэт мэдрэмж төрүүлэх болсон нь хүмүүст ном унших ч цаг гаргах боломж бололцоог олгохгүй байна. Тэглээ гээд бид тархиа хөгжүүлэхээ марталгүй орчин үетэй хөл нийлүүлэх олон аргуудыг шинээр нээж олсоор байгаагийн нэг жишээ нь “Подкаст” бий болсон явдал юм.

Подкэст гэж юу вэ?

Подкастийг ихэнх хүмүүс интернет радио гэж ойлгодог. Гэхдээ энэ нь жирийн нэг радио бичлэгүүд биш юм. Та радио сонсохдоо өөрийн сонирхсон мэдээллийг хүссэн цагтаа олж сонсдоггүй бол подкаст танд богино хугацаанд өөрт хэрэгтэй мэдээллээ илүү ойлгомжтой нуршуу бишээр олж авах боломжийг нээж өгснөөрөө ялгаатай. 

Хамгийн чухал нь танд ердөө ухаалаг утас юм уу, компьютер байхад л таны өмнө бүхэл бүтэн дэлхийн номын сан болон гайхалтай хүмүүсийн бодит амьдрал, туршлага, мэдлэг, ертөнцөд болж буй бусад сонирхолтой үйл явдлууд тэр доороо нээгдэх болно. Хэрэв танд тодорхой асуудлын талаар нарийвчилсан тодорхой мэдээлэл хэрэгтэй бол 1-2 минутад эсхүл 20-30 минутад арай дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Түүнчлэн тухайн мэдээллийн талаар бүр илүү ихийг мэдэхийг хүсвэл 1-3 цагийн турш тухайн мэдээллийг гүнзгийрүүлэн олон хүний өөр өөр тайлбарыг олж сонсох боломжийг Подкаст бидэнд олгодог.

Podcast гэх үг нь англи хэлний IPOD буюу хөгжим тоглуулагч болон BROADCAST буюу радиогоор дамжуулах гэсэн 2 үгнээс гаралтай орчин үеийн шинэ нийлмэл нэршил юм. Ихэнх хүмүүс энэхүү үгийн гарал үүслээс болж подкастыг зөвхөн ITUNES-ээр сонсох боломжтой гэж эндүүрдэг. Тэгвэл подкаст нь олон өөр өөр аппликэйшн ашиглаж сонсож болно. Эдгээрээс дурдвал Google Play Music, Spotify, Pocket Casts, Overcast гэх мэт. Мэдээж үүнээс  гадна подкаст бичлэгүүдийг веб хуудас эсхүл блогуудаар дамжуулан сонсох боломжтой. Иймд подкастийг хайх хамгийн энгийн арга бол www.google.com-ээс хайх арга юм.

Яагаад хүмүүс подкастд ингэтлээ их татагдаж байна вэ?

  1. Үнэгүй гэх ганцхан үг хүн бүхнийг татах агуу чадалтай. Тэгвэл подкастийн хүмүүсийг соронз мэт татах болсон шалтгаан бол мэдээж хэрэг бүх подкаст бичлэгүүд үнэгүйд оршино.
  2. Төрөлжсөн агуу их мэдээллийн сан. Подкастийн төрөл нь олон тул та тэндээс хүссэн бүх мэдээллээ олж авах боломжтой бараг л сонсдог youtube гэсэн үг.
  3. Мэдээллийг хүртэх арга нь сонсгол тул та өөрийн гэсэн төсөөллөөр тухайн мэдээллийг баяжуулж болно. Зөвхөн харах, хүртэхүйгээр таны төсөөллийг хязгаарлаагүйд хүн бүрийг татах увдис оршиж байна.
  4. Та хаана ч хэдийд ч зөвхөн чихэвч байхад сонсох боломжтой тул хэзээ ч уйдахгүй, ганцаардлыг хэзээ ч мэдрэхгүйгээс гадна цагийг их үр бүтээмжтэй өнгөрөөсөн мэт мэдрэмжийг бидэнд өгдөг нь үүний бас нэг давуу тал юм.
  5. Хэрэв та өөрөө хүсвэл өөрийн гэсэн подкаст бичлэгийг блог мэт хөтлөх боломжтой.
  6. Хэл сурах алтан боломжоо болгох боломжтой, мэдээж хэрэг таны сурч буй хэлний сонсголын чадварыг илүү хөгжүүлэх болно. Энэ мэтчилэн түүний давуу тал болон хүмүүсийг татах увдисын талаар дурдах юм бол тоочоод баршгүй их байх болно. Мэдээж хэрэг түүний давуу талууд заримдаа сул тал нь ч болох боломжтой юм. Иймд бид зах хязгааргүй энэ их мэдээллийг хэрхэн зөв ашиглавал насан туршийн тань мэдлэг болон үлдэх талаар та бүхэнд хэдэн зөвлөмж хүргэе.

Подкастээс хэрхэн илүү ихийг суралцах вэ?

  1. Таны сонирхлыг татсан мэдээллээ олсон бол тэрхүү подкаст бичлэгийг та заавал хадгалж үлдэх хэрэгтэй. Ингэснээр та хүссэн цагтаа тухайн бичлэгийг сонсож хуучин мэдлэгээ дахин сэргээж болно. Мэдээж хадгалж үлдээсэн тул сонсож амжаагүй эсхүл төвлөрч сонсоогүй хэсгээ ухрааж сонсох боломжтой юм.
  2.  Подкаст бичлэг сонсож байхдаа номын тэмдэглэл хөтөлдөг шигээ тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Энэ нь таны мэдлэгийг илүү системтэй болгохоос гадна шинэ мэдлэгээ урт хугацаанд өөрийн болгох шилдэг арга юм.
  3. Подкаст бичлэгийг зүгээр нэг сонсоод өнгөрөх биш та тухайн мэдээллийн талаар өөрийн үзэл бодлыг коммент хэсэгт харамгүй бичиж үлдээгээрэй. Энэ нь таны өөрийгөө илтгэх чадварт сайнаар нөлөөлөөд зогсохгүй таны бичгийн чадвар дээшлэх алтан боломж юм. Бид зөвхөн мэдээлэл хүлээн авагч биш харин түүний амьд сонсогч гэдгээ цаг ямагт санах хэрэгтэй.
  4. Эцэст нь подкаст бичлэгээс мэдсэн шинэ санаа, шинэ мэдлэгээ амьдралдаа хэрэгжүүлэх гэж оролдоод үзэх хэрэгтэй. Та нэгэнт цаг заваа зарцуулан мэдлэг олж авсан бол өөрийн амьдралд хэрэг болох зүйлсийг туршаад үз. Ингэснээр та өөрийгөө дахин нээн илрүүлэх болно. Магадгүй таны амьдрал таны хүссэн шиг сонирхолтой, аз жаргалтай ч болох юм билүү. Иймд зүгээр л хэрэгжүүлээд үз.

Сэтгэл зүйч Д.Пүрэвсүрэн

 

Мэдээллийн эх сурвалж:

  1. Minter Dial: Podcasts – Why and how you should get to listening to some podcasts as part of your daily digital regime
  2. Trent Hamm: Everything You Need to Know About Listening to Podcasts, My Favorite Free Form of Entertainment
  3.  Staff Writer: 5 Ways to Learn From Every Podcast You Hear