Сэтгэгдэл ба үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө

Мэдээ, мэдээлэл

Сэтгэгдэл ба үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө

2012 оны нэгэн судалгааны үр дүнд бичсэнээр, нэргүйгээр буюу хуурамч нэрээр бичигдсэн сэтгэгдэл нь тодорхой нэр, хаягтай этгээдийн бичсэн сэтгэгдлээс илүү догшин, сөрөг байдаг байна.[1] Аризонагийн их сургуулийн профессор Kate Kennski-гийн удирдсан өөр нэг судалгаагаар, бүх онлайн сэтгэгдлийн 15-20 хувь нь хараал хэлсэн сэтгэгдэл байдаг байна.[2] Профессор Jonah Berger-н 2012 оны судалгаагаар, хүмүүс зар сурталчилгаанаас илүүтэйгээр хүмүүсийн бусаддаа хэлсэн, ярьсан зүйлд илүү итгэдэг байна.[3]

Эндээс харахад худал мэдээлэлтэй сэтгэгдлийг уншсан этгээд түүнийг дагах буюу хүлээн зөвшөөрвөл ямар сөрөг үр дагавар гарч болохыг төсөөлж болохоор байна. Ялангуяа, эмчилгээ, эмийн үйлчилгээний талаарх сэтгэгдлүүд бусад хүнд хэрхэн сөргөөр нөлөөлж болохыг бодоод үз дээ та. Үүнтэй холбоотой ч байж мэднэ, зөвхөн интернэтэд сэтгэгдэл бичих, түүнийг уншихыг эсэргүүцсэн 40 мянган дагагчтай тивитэр хаяг ч байдаг байна.[4] Энэ хаягт сэтгэгдэл уншихын хор уршигийн талаар тогтмол бичдэг болохыг та харж болно.

Интернетийн сэтгэгдлүүдийг унших, дүгнэхэд хэцүү байдаг. Гэвч бүх сэтгэгдэл хар бараа, хэрэггүй зүйл биш юм. Сэтгэгдэл дунд хэрэгтэй мэдээлэл, оновчтой санаа байх нь бий. Түүнийг хэрхэн илрүүлэх вэ гэдэг нь бүх сэтгэгдлийг устгахаас чухал асуудал юм. Үүнийг хэрхэн шийддэг юм бол? Үүнд мэдээж технологийн шийдэл байж таараа. Тухайлбал, “Нью Йорк Таймс”-ийн хэрэгжүүлж буй сэтгэгдлийн систем нь “итгэмжлэгдсэн этгээд”-ийг зөвшөөрөх замаар бүтээлч, эерэг сэтгэгдэл бичигчийн сэтгэгдлийг шүүлтүүргүйгээр ил гаргах бөгөөд энэ нь мэдээ, сэтгэгдэл дэх уур амьсгалыг зөөлрүүлэх ач холбогдолтой байдаг.[5] Ингэж “итгэмжлэгдсэн сэтгэгдэл бичигч” болгохын тулд тухайн сэтгэгдэл бичигчийн фэйсбүүк дэх жинхэнэ нэр, зураг, байршлын мэдээллийг нь баталгаажуулдаг. Мэдээллийг нь баталгаажуулж болох фэйсбүүкээс өөр төрлийн сүлжээ бас байж болдог. Ийм “итгэлтэй түнш”-ийг түүний нэрний хажууд “баталгаажсан” гэх тэмдэглэгээгээр ялган таньж болно. Энэхүү систем нь сэтгэгдлийг уншсан этгээд түүнийг бусдад хуваалцах, түгээх боломж олгосон байдаг. Мөн тухайн сэтгэгдэлд мэдээний сэтгүүлч, сурвалжлагч өөрөө хариу бичих боломжтой.

Сэтгэгдлийг зохицуулах өөр нэг арга бол, “Reddit”-ийн санал болгодог систем юм. Уг систем нь сэтгэгдлийг “сайн”, “муу” гэх мэт чанараар нь ангилдаг бөгөөд үүний үр дүнд сэтгэгдэл хэлбэрээр бичигдсэн сонирхолтой хэлэлцүүлгүүд эхний ээлжинд буюу ил харагдах бөгөөд олон зуун сэтгэгдэл дундаас тэдгээр сэтгэгдлийг хайж олох гэж цаг үрэхгүй байх давуу талтай.[6]

Энэ мэтээр, мэдээллийн агентлагууд өөрийн цахим хуудаст сэтгэгдэлтэй холбоотой бодлого, үйл ажиллагаагаа маш ойлгомжтойгоор тайлбарлаж бичсэн байдаг. Тухайлбал, BBC агентлагийн зүгээс уншигч, сэтгэгдэл бичигч нарт зориулж сэтгэгдэл бичих, сэтгэгдлийг зохицуулах болон сэтгэгдлийг редакцийн зүгээс устгасан тохиолдолд хэрхэн гомдол гаргаж болох вэ гэх мэт асуудлыг энгийн асуулт, хариултын хэлбэрээр тайлбарлан бичсэн байна.[7] Эдгээр асуулт, хариулттай танилцаад үзээрэй. Эндээс сэтгэгдэл гэж юу болох, түүнийг хэрхэн зохицуулдаг талаар төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакцийн бодлогод сэтгэгдлийн асуудал хэр чухал болохыг бүрэн мэдэж авах боломжтой байна. Нөгөө талаар сэтгэгдлийг зохицуулах гэж оролдох нь өнөө цагт тохиромжгүй асуудал гэж үздэг хандлага байх бөгөөд түүний нэг жишээ нь Ройтерс агентлаг юм. 2014 оны 11-р сараас эхлэн тус агентлаг өөрийн цахим хуудас дахь мэдээ, мэдээлэлд сэтгэгдэл бичүүлэхийг бүр мөсөн зогсоосон байна. Гэхдээ тус агентлаг өөрийн фэйсбүүк, тивитэр дэх хуудаст мэдээ, мэдээллийнхээ холбоосыг түгээж байх бөгөөд түүнд нь сэтгэгдэл бичих боломжтой юм.[8] Энэ нь нэг талаар фэйсбүүк, тивитэр зэрэг бүртгэлтэй хаягаар сэтгэгдэл бичих нөхцөл болж байгаа бөгөөд сэтгэгдэл бичигчийн хариуцлагыг дээшлүүлж байгаа хэрэг юм. 

Энэ мэт сэтгэгдлийг зохицуулах програм хангамжийн тухай ярихад хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөг зөрчиж байна гэх шүүмжлэл ямагт дагалдаж байдаг. Хэдийгээр хүн бүр үзэл бодлоо хил хязгааргүйгээр чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 29 дүгээр зүйлийн 2-т зааснаар хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх, мөн ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлага, нийгмийн хэв журам, ерөнхий сайн сайхан байдлыг хангах үүднээс хуульчлан тогтоосон хязгаарлалтыг баримтлах ёстой. Үүнийг Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 3-т “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” гэж зааснаас мөн харж болно.

Ийнхүү уншигч-иргэдийн хувьд үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироох, нийгмийн хэв журмыг гажуудуулах сэтгэгдэл бичихгүй байх үүрэгтэй төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд мөн адил үүрэг хүлээнэ. Тодруулбал, Тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бэлтгэсэн мэдээ, мэдээллийн доорх сэтгэгдэл нь хүчирхийлэлд уриалсан, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг илэрхийлсэн бөгөөд түүнийг редакцийн зүгээс устгахгүй байх нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж байгаа хэрэг юм.[9]

 

[1] - Anonymity in Computer-Mediated Communication: More Contrarian Ideas with Less Influence. http://link.springer.com/article/10.1007%2Fs10726-012-9318-2

- The Psychology of Online Comments BY Maria Konnikova Oct 23, 2013

http://www.newyorker.com/tech/elements/the-psychology-of-online-comments

[2] Most Comments Are Horrible—Sites Look for Ways to Make Them Better. Article. 07.16.12 http://www.thedailybeast.com/articles/2012/07/16/most-comments-are-horrible-sites-look-for-ways-to-make-them-better.html

[3] The Danger of Reading the Comments /People trust supposedly credible online sources even for health decisions/ By Betsy Woodruff http://www.slate.com/articles/health_and_science/medical_examiner/2015/01/internet_comment_credibility_study_vaccine_decisions_influenced_by_online.html

[5]  New York Times overhauls comment system, grants privileges to trusted readers by Jeff Sonderman Published Nov. 30, 2011, updated Nov. 24, 2014 http://www.poynter.org/news/media-innovation/154615/new-york-times-overhauls-comment-system-grants-privileges-to-trusted-readers/

[8] Editor’s note: Reader comments in the age of social media By Reuters. November 7, 2014 http://blogs.reuters.com/great-debate/2014/11/07/editors-note-reader-comments-in-the-age-of-social-media/

[9] Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.4-т зааснаар “Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хүчирхийлэл, аллага хядлага, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлэг хийхийг хориглоно.”