Олон нийтийн цахим сүлжээнд бусдын эрх, эрх чөлөө, нэр төрийг хүндэтгэх нь

Мэдээ, мэдээлэл

Олон нийтийн цахим сүлжээнд бусдын эрх, эрх чөлөө, нэр төрийг хүндэтгэх нь

 

2016 онд нэгэн худлаа мэдээлэл зөвхөн Фэйсбүүкт 2 сая гаруй хүнд хүрсэн байна.[1] Худлаа, хуурмаг мэдээнд хэн нэгний нэр, дүр төрхийг ашиглах явдал түгээмэл. Энэ нь улмаар олон нийтийн цахим сүлжээгээр бусдын эрх, эрх чөлөөг зөрчих, нэр төрийг гутаах нөхцөл болж байна.

Монгол Улсын олон улсын гэрээ болох 1966 онд батлагдаж, 1976 онд хүчин төгөлдөр болсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 19 дүгээр зүйлд олон нийтийн цахим сүлжээнд бусдын эрх, эрх чөлөө, нэр төрийг хүндэтгэх шаардлагыг зохицуулсан байна.[2] Тодруулбал, Пактын 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг өөрийн сонгосон бүх аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана.

Харин Пактын 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ эрхийн эдлэхдээ а/ бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх; б/ үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах үүрэгтэй.”

Тэгвэл, олон нийтийн цахим сүлжээн дэх хуурмаг мэдээлэл бүхий бусдын эрх, эрх чөлөөг зөрчиж, нэр төрийг гутаасан мэдээлэлд хэрхэн хандах вэ?

  1. Тоохгүй орхих.

Бусдын эрх, эрх чөлөөг зөрчих, нэр төрийг гутаасан шинжтэй мэдээг бусдад дамжуулахгүй буюу олон хүнд хүргэхгүй байх нь тийм мэдээний сөрөг үр дагаврыг багасгах ач холбогдолтой.

  1. Хуурмаг мэдээг арилгуулах буюу устгуулах.

Олон нийтийн сүлжээн дэх хуурамч мэдээллийн талаар гомдол гаргах арга, технологийн зохицуулалт төлөвшиж эхэлжээ. Тухайлбал, фэйсбүүк, гүүглийн зүгээс хуурмаг мэдээтэй технологи болон хэрэглэгчийн идэвхтэй оролцоонд тулгуурлан тэмцэж эхэлжээ.[3]

  1. Хуурмаг мэдээ болохыг хүмүүст ойлгуулах, таниулах.

Үүнд баримт мэдээллийг нягтлан шалгах, эх сурвалжийг тодруулах зэрэг идэвхтэй үйл ажиллагаа шаардлагатай. Сэтгүүлчдийн оролцоотойгоор мэдээний фактын үнэнийг шалгадаг идэвхтэй вэб сайт дэлхийд нийт 120 байна.[4]

  1. Сэтгэл хөдлөлд автахгүй байх.

Ихэнх хуурмаг мэдээний хувьд үнэн, худал байхаас илүү тухайн уншигч, олон нийтийг эерэг, сөрөг сэтгэл хөдлөлд автуулахыг зорьсон байдаг. Сэтгэлд хөдлөлд автсан уншигч, олон нийтийн хувьд дээр дурдсан гурван алхмыг хэрэгжүүлэхгүй байх эрсдэлтэй болдог. Ингэснээр тухайн хуурмаг мэдээний талаар сэтгэл хөдлөл бүхий үзэл бодлоо бусдад хуваалцаж, ухамсаргүйгээр олон нийтийн цахим сүлжээгээр бусдын эрх, эрх чөлөөг зөрчих, нэр төрийг гутаахад хамтран оролцдог.

            Дээр дурдсан аргуудаас гадна та ерөнхий мэдлэг, боловсролоо ямагт дээшлүүлэх нь зүйтэй бөгөөд энэ нь хуурмаг мэдээнд автахгүй байх, улмаар олон нийтийн цахим сүлжээгээр бусдын эрх, эрх чөлөөг зөрчихгүй, нэр төрийг гутаахгүй байхад чухал ач холбогдолтой.

            Олон нийтийн сүлжээнд бусдын эрхийг зөрчих, нэр төрийг гутаах явдал тасралтгүй нэмэгдсээр байгаа бөгөөд дунджаар нэг жилийн хугацаанд 23%-иар нэмэгдэж байгаа үед та өөрийгөө төдийгүй бусдыг хамгаалах нь чухал юм.[5] Түүнчлэн өөрийн хайхрамжгүй, сэтгэл хөдлөлийн байдлаас болж бусдын нэр төрд олон нийтийн сүлжээгээр халдсаны улмаас хууль зүйн хариуцлага хүлээх явдал нэмэгдэх болсон. Олон нийтийн сүлжээнд бусдын эрхийг зөрсөн этгээдэд ногдуулах торгуулийн хэмжээ их болохыг анхаарч, онлайн орчны үйлдэлдээ бодолтой хандах нь зүйтэй байна.[6]

            Товчхондоо, дараах шинж бүхий мэдээлэл ихэвчлэн хуурмаг буюу бусдын нэр төрийг гутаах зорилго агуулсан байдгийг ямагт санаж байх нь зүйтэй.[7] Үүнд:

  • Үг, үсгийн алдаатай буюу найруулга муутай байх. Учир нь баталгаатай буюу хууль ёсны эх сурвалжтай мэдээллийн хувьд мэргэжлийн төвшинд бичигдсэн байдаг.
  • Тэнцвэргүй буюу туйлширсан байх. Учир нь энэ төрлийн мэдээнд үнэн, бодит баримтыг хайхардаггүй бөгөөд хэт нэг талыг хамгаалах буюу үгүйсгэх шинжтэй мэдээ байдаг.
  • Он, сар, өдөргүй байх. Мэдээний үнэ цэн нь цаг хугацаанд байдаг. Тухайн мэдээ он, сар, өдөргүй байгаа нь зориудаар бусдыг төөрөгдүүлэх, мэхлэх зорилго агуулсан байх магадлалтай байдаг.
  • Хэн нэгэн олны танил хүний нэр, зургийг ашигласан байх. Учир нь уншигч, олон нийтийн хувьд олны танил хүний хэлсэн үг, холбоотой мэдээнд итгэх, төөрөгдөх хандлагатай байдаг.

Иймд та онлайн орчинд бусдын эрх, эрх чөлөө, нэр төрийг ямагт хүндэтгэж байгаарай.

 

 

[1] Craig Silverman. Here Are 50 Of The Biggest Fake News Hits On Facebook From 2016.  Dec. 30, 2016 https://www.buzzfeed.com/craigsilverman/top-fake-news-of-2016?utm_term=.xdPnogoXW#.ih6vgKgkV

[2] International Covenant on Civil and Political Rights http://www.ohchr.org/EN/ProfessionalInterest/Pages/CCPR.aspx

[3] Alex Murray, BBC News. How to report fake news to social media. 22 November 2016 http://www.bbc.com/news/38053324

[4] Global Fact-Checking Sites https://reporterslab.org/fact-checking/

[5] 23% increase in defamation actions as social media claims rise

https://www.theguardian.com/media/greenslade/2014/oct/20/medialaw-social-media

[7]  Christina DesMarais, Techlicious.com. Internet Rules: What Sources Can You Trust?

http://www.grandparents.com/food-and-leisure/technology/internet-rules-sources-fact-fiction