Олон нийтийн цахим сүлжээн дэх мэдээллийн үнэ цэнийг тодорхойлох нь

Мэдээ, мэдээлэл

Олон нийтийн цахим сүлжээн дэх мэдээллийн үнэ цэнийг тодорхойлох нь

Гурван жилийн өмнөх статистик мэдээнээс харахад зөвхөн фэйсбүүкийн хэрэглэгчид өдөрт дунджаар 217 зураг нийтэлж, бусдад харуулдаг байна.[1] Гэхдээ энэ тоон мэдээнд юуг дүрсэлсэн буюу ямар агуулгатай зургаа хүмүүс нийтэлдэг болохыг дурдаагүй байна.

Олон нийтийн цахим сүлжээний хэрэглэгчдийн нийтлэг төөрөгдөл бол олон зураг, мэдээлэл оруулах нь өөрийг нь илүү эрсдэлтэй байдалд оруулдаг, мэдээллийн аюулгүй байдалд халтай гэх хандлага юм. Гэвч тийм биш.

Учир нь интернетэд буюу олон нийтийн цахим сүлжээнд оруулж буй мэдээлэл, зургийн их, бага нь гол хүчин зүйл биш. Харин агуулга буюу дүрслэл нь хамгийн чухал зүйл юм. Үүнийг жишээгээр тайлбарлая.

А-гийн хувьд өдөр бүр өөрийн дуртай эшлэл, алдартны хэлсэн үгийг өөрийн фэйсбүүк хаягтаа тогтмол нийтэлдэг. Энэ тохиолдолд А-гийн найзууд тэдгээр нийтлэлээс нь түүний сэтгэл санааны байдал, бусдад хүргэх гэсэн уриа, байр суурийнх нь талаар мэдэх боломжтой байна.

Харин Б-гийн хувьд фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгч биш хэдий ч 2-3 сард нэг удаа өөрийн ажил, гэр бүлийнхний зургийг нийтэлдэг. Энэ тохиолдолд Б-гийн найзууд тэдгээр нийтлэлээс Б-г ямар ажил хийдэг, ажил нь хаана байдаг, хэнтэй хамт ажилладаг тухай мэдэх боломжтой.

Мөн Б-гийн гэр бүл хэдэн гишүүнтэй, эгч, дүү, ах нь хаана ямар ажил хийдэг, түүнийг аав, ээжийнхээ хэнтэй адилхан тухай төдийгүй гэрийн хаягийг нь мэдэх боломжтой болж байна.

Тэгвэл олон нийтийн цахим сүлжээн дэх бусад хэрэглэгч таны тухай ихийг мэддэг болох нь ямар эрсдэлтэй вэ гэх асуулт урган гарна. Энэ асуултад дараах тохиолдлыг дурдаж болох юм.

  • Нэгэн компанийн захирлын дунд сургуульд сурдаг охиныг хэсэг хүн хулгайлжээ. Ингээд компанийн захирлаас мөнгө нэхэмжлэн дарамталсан байна. Охиныг хулгайлахын тулд гэмт этгээдүүд түүний фэйсбүүк дэх зургаас аав нь компанийн захирал болох, гэр, сургууль нь хаана байдаг, ямар замаар явдаг болохыг тус тус олж мэдсэн байна.
  • Нэгэн эмэгтэй охиныхоо нэр, зургийг фэйсбүүкт оруулснаас хойш өөрийнх нь фэйсбүүкийн хаягийг өөр этгээд хамт ашиглаж байгааг анзаарчээ. Энэ нь тухайн эмэгтэй охиныхоо нэрийг өөрийн фэйсбүүк хаягийн нэвтрэх нууц үг болгосонтой холбоотой байна.
  • Нэгэн залуу өөрийн өндөр настан аав, ээжийн зургийг фэйсбүүкт тайлбартайгаар нийтэлжээ. Ингэхдээ түүний аав, ээжийн нэр, хаана амьдардаг болохыг дурдсан байна. Үүний дараа гэмт этгээдийн зүгээс тухайн залуугийн нэрийг аав, ээжид нь хэлж, хамт ажилладаг хүн гэж ойлгуулан гэрээс нь үнэ цэнтэй зүйл авч явжээ.

Дээр дурдсан шиг бодит, хүн бүрийн амьдралд өдөр тутам тохиолддог жишээ олныг дурдаж болно.

Иймд та өөрийн болон гэр бүлийн гишүүн, хүүхдүүдийн гэрэл зураг, хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтлэх, байршуулахдаа болгоомжтой хандах хэрэгтэй. Олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан дурын мэдээллийг бусад этгээд гэмт үйлдэлд ашиглах эрсдэл ихтэй болохыг өөрийн ойр дотнын хүмүүст сануулж байгаарай.

[1] How many photos have we uploaded on Facebook? How about 240 billion. Or 217 each.

http://mybilliondollarapp.com/how-many-photos-on-facebook-how-about-240-billion/