Хүүхдийг цахим орчинд бусдын дарамт, зүй бус нөлөөллөөс хамгаалах нь

Мэдээ, мэдээлэл

Хүүхдийг цахим орчинд бусдын дарамт, зүй бус нөлөөллөөс хамгаалах нь

Хүүхдийн төлөө үндэсний газрын мэдээллээр, 2016.04.19-ний өдрийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 29%-ийг 15 хүртэлх насны хүүхдүүд, 49%-ийг 15-44 насныхан, үлдсэн 21%-ийг 45 ба түүнээс дээш насныхан эзэлж байна.[1]

МУИС-ийн НШУС-ийн Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимийн судалгааны багийн 2011 онд гүйцэтгэсэн “Мэдээллийн хэрэгслийн хүүхдийн хүмүүжилд үзүүлэх нөлөө” төслийн судалгааны тайланд Монгол Улсад хамгийн өндөр хандалттай цахим хуудаснууд хүүхэд, өсвөр үеийнхэнд үзүүлэх сөрөг нөлөөг дараах 3 төрөлд ангилжээ. Үүнд:

  1. Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийг зөрчин үйл ажиллагаа явуулдаг цахим хуудаснууд нь аль ч насны хүүхдүүд шууд нэвтрэхүйц садар самуун агуулгыг нээлттэйгээр дэлгэн тавьсан байдаг. Эдгээр цахим хуудас нь тооны хувьд их биш ч хүүхдүүдэд хангалттай хор нөлөө үзүүлэхүйц юм. Цөөн тооны цахим хуудас нь садар самуун цэсэд нэвтрэхийн өмнө анхааруулга, санамж харуулдаг боловч энэ нь хангалтгүй юм. Цаашид энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг цахим хуудсанд хүүхдүүд хандах боломж, нөхцөлийг хязгаарлах шаардлагатай.
  2. Шар мэдээ хөөцөлддөг цахим хуудаснууд нь хүүхдийн хүмүүжлийн болоод нийгмийн хариуцлагын асуудлыг огт харгалздаггүй бөгөөд нийтлэлийн тодорхой бодлогогүй юм. Мэдээллийн агуулгын ихэнх хувийг нь элдэв цуу, хов жив, гэмт хэрэг, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, этгээд, гажууд мэдээлэл зэрэг эзлэх бөгөөд мэдээллийг зөв сонгох чадамжгүй хүүхэд, өсвөр үеийг онилон нийтэлдэг. Мөн эдгээр цахим хуудсын дийлэнх хэсэг нь дэд цэс байдлаар садар самуун агуулсан мэдээллийн сантай байдаг. Цаашид мэдээллийн агуулгын зааг, шалгуурыг тодорхой болгож хүүхдүүдэд сонгон үзүүлэхгүй бол тэдгээрийн оюун санаа, хүмүүжил, нийгмийн амьдралд хортой юм.
  3. Нийгмийн сүлжээнд хүүхдүүд өөрийн мэдээллийн буланг үүсгэж, хувийн мэдээллээ оруулдаг бөгөөд энэ нь тэдний аюулгүй байдалд тодорхой байдлаар аюул, занал учруулдаг. Нэгэнт тухайн хүүхдийн зураг, овог нэр, хаяг зэрэг хувийн мэдээлэл нууцлалгүй буюу нээлттэй байх нь төрөл бүрийн гэмт хэрэг, садар самуунд уруу татагдах, гэмт хэргийн хохирогч болох эрсдэлийг үүсгэдэг. Мөн зарын цахим хуудаснуудад төрөл бүрийн танилцах зарыг тодорхой шалгуургүйгээр байрлуулах нь биеэ үнэлэх, садар самуунд уруу татагдах зэрэг эрсдэлийг үүсгэдэг.

Дээр дурдсан сөрөг нөлөөг багасгах буюу цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахын тулд эрх зүйн болон зохион байгуулалтын үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлж, хэвшүүлэх, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зүгээс цахим орчинд хүүхдийг хамгаалах эрх зүйн ухамсрыг дээшлүүлэх шаардлага тулгарч байна. 

Монгол Улсад Хүүхэд хамгааллын тухай хууль 2016.02.05-ны өдөр батлагдаж, 2016.09.01-ний өдрөөс эхлэн үйлчилж байна. Энэ хуульд цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаар анх удаа тусгайлан зохицуулсан байна.

Тодруулбал, тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар хүүхдийг түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд, сөрөг нөлөө үзүүлэхүйц цахим сүлжээнээс хамгаалах нь эцэг, эх, асран хамгаалагч, багш, сургуулийн ажилтан, хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллага, хуулийн этгээдийн үүрэг болсон байна.[2]

Тэгвэл энэ үүргээ хэрэгжүүлэхэд дээрх этгээдүүд бэлэн үү?

Үүний тулд цахим сүлжээ нь хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд, ямар байдлаар сөрөг нөлөө үзүүлдэг, тэрхүү сөрөг нөлөөнөөс хэрхэн хамгаалах талаармэдлэгтэй байх хэрэгтэй, гэвч энэ талаар зөв мэдлэг, зохих ур чадвартай байх нь тийм ч амархан биш бөгөөд бусдын тусламж шаардлагатай.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар Харилцаа холбооны зохицуулах хороо, цагдаагийн төв байгууллага нь хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах талаар зөвлөмж, зааварчилгааг олон нийтэд тогтмол мэдээлж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана.

Энэ заалтыг Харилцаа холбооны зохицуулах хорооны хувьд www.ekids.mn болон www.happywebs.mn цахим хуудсаар дамжуулан холбогдох нийтлэл, зөвлөмж, санамж тогтмол нийтлэх замаар хэрэгжүүлж байна.

Харин цагдаагийн төв байгууллагын хувьд түүний Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албаны нийгмийн сүлжээний https://www.facebook.com/cybercrimemongolia/ цахим хуудсаар дамжуулан өөрийгөө болон ойр дотнынхоо хүмүүсийг цахим орчинд гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос анхааруулсан мэдээ, мэдээлэл, зөвлөгөөг тогтмол хүргэж байна.

Эдгээр мэдээлэл, нийтлэлтэй эцэг, эх, асран хамгаалагч, багш, сургуулийн ажилтан, хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллага, хуулийн этгээдийн хувьд тогтмол танилцаж, хүүхдийг цахим орчинд бусдын дарамт, зүй бус нөлөөллөөс хамгаалах зохих мэдлэг, ур чадвартай болох хэрэгтэй.

Мөн дээр дурдсан хуулийн 8.4-т зааснаар цахим сүлжээ ашиглаж, хүүхдийн хувийн нууцад халдаж дуу, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зураг тараасан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж мэдээлсэн, олны өмнө гутаасан этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх болохыг хүмүүст таниулах, энэ талаар сурталчлах нь хүүхдийг цахим орчинд бусдын дарамт, зүй бус нөлөөллөөс хамгаалахад зохих хэмжээгээр үр дүнтэй юм. Учир нь цахим орчин, цахим сүлжээнд хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдлүүд нь түүнийг хил хязгааргүй, дур зоргоороо байж болох, хяналтгүй орчин гэж үзсэнтэй ихэвчлэн холбоотой байдаг.

Иймд интернетийн хэрэглээ буурахгүй, нэмэгдсээр байх тул эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар хүүхдийн эрх цахим орчинд зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зохих арга хэмжээ авч байх, үүний тулд энэ талын тогтмол мэдлэг, мэдээлэл олж авч байх хэрэгтэй. Ингэхдээ интернетийг хаах, хязгаарлахаас илүүтэйгээр технологийн зөв, зохистой хэрэглээг дэмжих нь чухал юм.

 

[2] Хүүхэд хамгааллын тухай хууль 2016.02.05 http://legalinfo.mn/law/details/11710?lawid=11710