Хэн нэгэн “ТАНЫ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ”-ийг чөлөөтэй ашиглах эрхтэй юу?

Мэдээ, мэдээлэл

Хэн нэгэн “ТАНЫ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ”-ийг чөлөөтэй ашиглах эрхтэй юу?

Интернет орчинд буй таны хувийн мэдээллийг хэн нэгэн дураараа ашиглах эрхгүй. Учир нь таны мэдээлэл бол таны өмч бөгөөд бусад этгээд тэрхүү мэдээллийг ашиглах бол таны зөвшөөрлөөр буюу тантай харилцан тохиролцсон нөхцөлөөр ашиглах ёстой. Үүнийг холбогдох хууль тогтоомжоор зохицуулсан байдаг.

Тухайлбал, Иргэний хуульд зааснаар хуулиар тогтоосон хувийн нууцад хамааралтай мэдээг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тарааснаас гэм хор учирсан гэж үзвэл иргэн уг гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй. Мөн иргэний дүрсийг гэрэл зураг, кино, дүрс бичлэгийн хальс, хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн, олон нийтэд үзүүлснээс гэм хор учирсан гэж үзвэл тухайн этгээд гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй байдаг.[1] Түүнчлэн Хувь хүний нууцын тухай хуульд зааснаар хувь хүний нууцыг хуулийн дагуу болон итгэмжлэлээр олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглосон байдаг.[2]

Дээрх хуулиудын зохицуулалтын дагуу цахим орчинд буюу тодорхой цахим хуудас, үйлчилгээнд таны хувийн мэдээллийг шаардаж буй этгээд нь тэрхүү мэдээллийг бусдад дамжуулахгүй, үйлчилгээнд заасан зорилгоос өөр зорилгоор ашиглахгүй гэсэн амлалтыг “Үйлчилгээний нөхцөл” /terms of use/ болон “Нууцлалын бодлого” /Privacy policy/-доо тусгасан байдаг. Харин тэдгээр үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого нь эрх зүйн хувьд ямар хүчин чадалтай вэ гэдэг асуулт урган гардаг.[3] Эрх зүйн хувьд эдгээр баримт бичгийг “стандарт гэрээ” гэж тодорхойлдог бөгөөд нэг талд үйлчилгээ үзүүлэгч цахим хуудас, апп нөгөө талд хэрэглэгч гэсэн хоёр тал “Үйлчилгээний нөхцөл” болон “Нууцлалын бодлого”-ыг заавал дагаж мөрдөх үүрэгтэй.

Гол анхаарах зүйл бол, цахим хуудас болон апп дээрх “Үйлчилгээний нөхцөл”, “Нууцлалын бодлого”-д “хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд зөвхөн хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх зорилгод ашиглана” гэсэн утга бүхий бичвэр байгаа эсэхийг шалгах нь зүйтэй. Ийм бичвэргүй “үйлчилгээний нөхцөл”, “нууцлалын бодлого”-той цахим хуудас, апп хэрэглэх нь таны мэдээллийг бусад этгээд дураараа, чөлөөтэй ашиглах эрхтэй болгох эрсдэлтэй юм.

Нөгөө талаар “үйлчилгээний нөхцөл”, “нууцлалын бодлого”-доо таны мэдээллийг таны зөвшөөрснөөс өөр нөхцөлөө ашиглахгүй гэсэн амлалт өгсөн хэдий ч энэ амлалтаа зөрчих тохиолдол цөөнгүй. 2011 оны нэгэн судалгаагаар эмэгтэйчүүдийн 59%, эрэгтэйчүүдийн 52% нь интернетийн үйлчилгээнд тэдний хувийн мэдээллийг зохих зөвшөөрөлгүйгээр, үйлчилгээний бус нөхцөлөөр цуглуулж ашиглаж байгаад санаа зовниж байсан бол 2012 онд энэ тоо 60% болж нэмэгдэж, хэрэглэгчид тэдний мэдээллийг бусад этгээд дураараа, чөлөөтэй ашиглаж байгаа явдал нэмэгдсээр байна.[4]

Иймд интернетийн хэрэглэгч та бусад этгээд таны мэдээллийг дураараа, чөлөөтэй ашиглах эрхгүй гэдгийг ямагт санаж, тэгж ашиглаж байгаа тохиолдолд энэ үйлдлээ зогсоох талаар шаардлага тавих, онцгой тохиолдолд шүүхэд хандаж эрхээ хамгаалах нь зүйтэй.

 

[1] Иргэний хууль, 2002. 21 дүгээр зүйл

[2] Хувь хүний нууцын тухай хууль, 1995. 5 дугаар зүйл

[3] Oliver Herzfeld, Are Website Terms Of Use Enforceable? Jan 22, 2013 http://www.forbes.com/sites/oliverherzfeld/2013/01/22/are-website-terms-of-use-enforceable/#78384a2f783a

[4] Karolina Gawron. Being a “Good Guy” When Collecting and Analyzing User Data. April 5, 2016 https://piwik.pro/2016/04/collecting-analyzing-user-data/