Гар утсыг хулгайгаар хэрэглэхийг зогсоох нь

Мэдээ, мэдээлэл

Гар утсыг хулгайгаар хэрэглэхийг зогсоох нь

Гар утсаа хулгайд алдсан хүмүүсийн хувьд ихэвчлэн утаснаас илүүтэйгээр утсыг нь ашиглах вий гэдэгт санаа зовдог. Тодруулбал, гар утсан дахь мэдээллийг бусад этгээд ашиглах вий гэдэгт хүмүүс болгоомжилдог. АНУ-д нэг жилийн хугацаанд 1 саяас багагүй тооны ухаалаг гар утас хулгайлагддаг болохыг Холбооны Харилцаа холбооны комисс (FCC)-ын тайланд мэдэгдсэн байна.[1] Түүнчлэн хулгайлагдсан гар утсыг бусад улс оронд дамжуулан худалдаалах нь түгээмэл үзэгдэл болжээ.[2] Хохирогчдын 10% нь гар утсыг хулгайгаар хэрэглэхийг зогсоох ямар нэгэн арга хэмжээ авч чаддаггүй байна.[3] Эндээс харахад гар утасны хулгайтай тэмцэх олон арга зам, боломж байгаа юм.Үүний нэг нь гар утасны IMEI код юм.

1. Гар утасны IMEI код гэж юу? Энэ кодыг хадгалах нь ямар ач холбогдолтой вэ?

Гар утасны IMEI (International Mobile Equipment Identity) код гэдэг нь стандартчилагдсан 15 оронтой тооноос бүрдэх бөгөөд энэ кодыг гар утасны сүлжээнд хэрэглэгдэж буй төхөөрөмжийг тодорхойлох, танихад хэрэглэдэг. IMEI код нь төхөөрөмж бүр адилгүй, давтагдашгүй бөгөөд гар утасны үйлдвэрлэгчид хоёр төхөөрөмжид нэг IMEI код ашиглахгүй байх явдлыг хариуцдаг.[4] Энэ кодыг *#06# гэж залгаад мэдэх боломжтой төдийгүй гар утасныхаа тохиргооны “Тухай” /About/ хэсгээс үзэж болно. IMEI кодыг мэдэх 7 арга бий гэж үздэг бөгөөд саяын дурдсан хоёр арга хамгийн түгээмэл төдийгүй хялбар арга юм.[5]

Гар утас асаалттай үед хэдийд ч IMEI код нь төхөөрөмжийг тодорхойлох бүртгэлийн мэдээллийн санд илгээгддэг. Таны гар утасны үйлчилгээ үзүүлэгч буюу үүрэн холбооны операторын зүгээс IMEI кодыг хар жагсаалтад оруулах замаар ямар ч гар утсыг хэрэглэхийг зогсоож чадна /block/. Ийнхүү хар жагсаалтад орсон утсыг ашиглах боломжгүй бөгөөд бүхий л үед хэрэглэж чадахгүй. Мөн таны оператораас IMEI кодоор дамжуулан дэлхийн байршлын систем (GPS) ашиглаж гар утасны нарийвчилсан байршлыг хянах бөгөөд ингэснээр хулгайлагдсан, алдагдсан гар утсыг олоход танд тусална. Таны зүгээс IMEI кодоор гар утсыг блоклуулахаар үүрэн холбооны операторт хандахдаа сим картаа нэгэн адил блоклуулахаа мартаж болохгүй.[6] Хэрэв гар утасны эзэн буюу хэрэглэгч IMEI кодоо хадгалж аваагүй бол дээрх бүх боломж үгүй болно.

2. Хулгайлагдсан гар утас худалдан авбал хуулийн хариуцлага хүлээх үү? 

Хэдийгээр үүрэн холбооны операторт хандаж IMEI кодоор гар утсыг хэрэглэх боломжгүй болгосон ч тухайн гар утсыг хулгайлсан этгээд өөр нутаг дэвсгэрт шилжүүлэх буюу бусдад худалдаалах боломжтой. Учир нь хар жагсаалтад орсон гар утасны мэдээллийн санг бусад үүрэн холбооны операторт сайн дураар шилжүүлэх явдал ховор байдагтай холбоотойгоор бүрэн бус төдийгүй тухайн мэдээллийн сан бүрэн бус байх явдал түгээмэл. Жишээ нь, АНУ-д хориглосон гар утас Мексикт ажиллах бөгөөд Англид худалдаж авсан буюу хулгайлсан гар утас өөр улсад ажиллана. Английн ихэнх хориглосон гар утас Итали, Испани, Францаас олддог байна.[7] Үүнтэй холбоотойгоор хулгайлагдсан гар утас худалдан авсан эсэх, хэрэв тийнхүү худалдан авсан бол хуульд заасан хариуцлага хүлээх эсэх асуудал яригдах боломжтой. Үүний тулд өөрийн утасны IMEI кодоор таны гар утас хулгайлагдсан эсэхийг шалгах боломжтой. Ингэж шалгадаг веб сайт олон бий.[8]

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, хадгалсан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. Мөн хуулийн 94.1-т зааснаар эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй. Түүнчлэн 94.6-д зааснаар шударга эзэмшигч, өөрийн шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй.

Эндээс харахад эрүүгийн болон иргэний эрх зүйн зохицуулалт ёсоор хэрэглэгчийн хувьд хулгайн гар утас худалдан авч болохгүй бөгөөд тийнхүү худалдан авахаас зайлсхийх, үүний тулд өөрөөс хамаарах бүхий л нөхцөл байдлыг шалгах шаардлагатай байна.

3. Хулгайлагдсан гар утсыг мэдээлэх үүрэгтэй юу?

Хэрэв танд гар утас борлуулж буй этгээд IMEI кодыг хэлж өгөхөөс зайлсхийх буюу бусад хэрэгтэй мэдээллийг өгөхөөс татгалзаж байвал тухайн гар утас хулгайн эд зүйл байх эрсдэлтэй бөгөөд энэ тохиолдолд та тухайн гар утсыг худалдан авахгүй байх нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т зааснаар нуун далдлагч, үл мэдээлэгчийг гэмт хэрэгт хамаарагсад гэнэ. Тодруулбал, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгааг болон үйлдсэнийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй этгээдийг үл мэдээлэгч гэнэ. Мөн хулгайн гэмт хэргийг үл мэдээлсэн, нуун далдалсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Иймд тухайн гар утас хулгайлагдсан гэдгийг мэдсэн этгээд энэ тухай цагдаагийн байгууллага, үүрэн холбооны операторт мэдээлэх үүрэгтэй байна.

1. Гар утасны IMEI код гэж юу? Энэ код ямар ач холбогдолтой вэ?

2. Хулгайлагдсан гар утас худалдан авбал хуулийн хариуцлага хүлээх үү?

3. Хулгайлагдсан гар утсыг мэдээлэх үүрэгтэй юу?

IMEI код нь стандартчилагдсан 15 оронтой тооноос бүрдэх бөгөөд сүлжээнд хэрэглэгдэж буй төхөөрөмжийг тодорхойлоход хэрэглэдэг. Энэ код нь хулгайлагдсан, алдагдсан гар утсыг олоход тусална.

Эрүүгийн болон Иргэний хуульд заасан хариуцлага хүлээнэ.

Эрүүгийн хуульд зааснаар хулгайлагдсан гар утас болохыг мэдсэн этгээд энэ тухай мэдээлэх үүрэгтэй.

 

 

[1] Report of Technological Advisory Council (TAC) Subcommittee on Mobile Device Theft Prevention (MDTP). December 2014 http://transition.fcc.gov/bureaus/oet/tac/tacdocs/meeting12414/TAC-MDTP-Report-v1.0-FINAL-TAC-version.pdf

[2] Reciper. US Cell Phone Crime Statistics in 2016 so far… http://www.recipero.com/pdf/stats/Recipero-Ecosystem-Stats-2016-03-15.pdf

[4] Report of Technological Advisory Council (TAC) Subcommittee on Mobile Device Theft Prevention (MDTP). December 2014. p.38 http://transition.fcc.gov/bureaus/oet/tac/tacdocs/meeting12414/TAC-MDTP-Report-v1.0-FINAL-TAC-version.pdf

[5] How to Find the IMEI or MEID Number on a Mobile Phone

http://www.wikihow.com/Find-the-IMEI-or-MEID-Number-on-a-Mobile-Phone

[6] How to Track and Block Lost or Stolen Mobile Phone Using its IMEI Number http://www.skynetforensics.com/survaillancecheating-spouse-fraud-life

[7] A complete guide to blacklisted cell phones. Jan 6, 2016 https://blog.unlockbase.com/blacklisted-cellphone-complete-guide/

[8] Тухайлбал, https://imeidata.net/blacklist/check; https://www.getorchard.com/imei-checker/ цахим хуудсаар таны гар утас “цэвэр” эсэхийг шалгаарай.