Фэйсбүүк, твиттерийн тохиргоотой танилцах нь

Мэдээ, мэдээлэл

Фэйсбүүк, твиттерийн тохиргоотой танилцах нь

Цахим орчинд өсвөр үе, залуусын 1/3-ээс багагүй нь заналхийлэл, аюултай учирч байна.[1] Цахим орчинд гол орон зайг фэйсбүүк, твиттер эзэлж байна. Тодруулбал, дэлхий даяар өдөрт дунджаар 20-иос багагүй минутыг фэйсбүүкт идэвхтэй өнгөрүүлдэг бөгөөд[2] твиттер хэрэглэгчдийн 1/3-ээс багагүй хэсэг нь өдөрт нэгээс илүү удаа твиттерт нэвтэрч байна.[3]

Иймд фэйсбүүк, твиттерийн тохиргоог мэддэг байх, түүнийг тухай бүр тохируулж чаддаг байх нь цахим орчинд аюулгүй, тухтай байхад чухал юм.

Фэйсбүүкт ямар төрлийн тохиргоо байдаг вэ? Дараах хэсэгт “settings” буюу фэйсбүүкийн 14 тохиргоог товч танилцуулъя.

  • Ерөнхий тохиргоо /General/. Энэ хэсэгт хэрэглэгчийн нэр, домэйн нэр, имэйл хаяг, нууц үгийг тохируулах боломжтой бөгөөд фэйсбүүкийнхээ өгөгдлийн санг хуулбарлан авах боломжтой;
  • Аюулгүй байдлын тохиргоо /Security/. Энэ хэсэгт фэйсбүүкт өөр төхөөрөмж, хөтчөөс хэн нэгэн нэвтрэх тохиолдолд энэ тухай и-мэйл болон гар утасны зурвасаар дамжуулан эзэнд нь мэдэгдэж сэрэмжлүүлэх тохиргоо бий. Мөн та өөрийн фэйсбүүкт нэвтэрч чадахгүй болчихвол танд тусалж чадах итгэмжит 3-5 хүнийг сонгон тохируулж болно. Үүнээс гадна фэйсбүүкийн хаягаа идэвхгүй болгох бол энэ хэсэгт тохируулж болно;
  • Нууцлалын тохиргоо /Privacy/. Энэ хэсэгт таны бичвэр зэргийг хэн үзэж болох, болохгүйг тохируулж болно. Түүнээс гадна тантай фэйсбүүкээр бүх хүн, эсхүл зөвхөн найзын танилууд холбоо барьж болохыг тохируулна. Мөн таны и-мэйл хаяг, гар утасны дугаарыг хэн үзэж болохыг тохируулж болно. Түүнчлэн интернетийн хайлтын системээс таны фэйсбүүк хаяг олдох эсэхийг шийдэж болно;
  • Он цагийн хэлхээс болон шошгын тохиргоо /Timeline and Tagging/. Энэ хэсэгт таны таймлайнд хэн бичвэр оруулж болох, бичвэрт таны хаягийн шошгыг оруулж болох эсэхийг тохируулна. Мөн таймлайныг хэн үзэж болохыг ч та өөрөө шийдэх боломжтой;
  • Хаалт хийх тохиргоо /Blocking/. Энэ хэсгийг идэвхжүүлснээр хаалгуулсан этгээдийн зүгээс таны мэдээллийг үзэх, таныг бичвэр, зураг, сэтгэгдэлд холбох, найзаар нэмж чадахгүй. Түүнчлэн тухайн этгээдийг хааснаар автоматаар цахим орчны найз байхаа больдог;
  • Хэлний тохиргоо /Language/. Фэйсбүүкийг ямар хэлээр ашиглах, бичвэрээ хэдэн хэл дээр бичих зэргийг тохируулж болно. Энэ хэсгээс “Монгол” хэлийг сонгох боломжтой;
  • Мэдэгдлийн тохиргоо /Notifications/. Энэ хэсэгт юунд мэдэгдэл хүлээн авах, имэйл болон мессежээр ямар мэдэгдэл хүлээн авах зэргийг тохируулах боломжтой;
  • Гар утасны тохиргоо /Mobile/. Энэ хэсэгт гар утасны дугаараа тохируулах, фэйсбүүкээс хэзээ мессеж хүлээн авах, өдөрт хэдэн мессеж авах зэргийг тохируулна;
  • Олон нийтэд чиглэсэн бичвэрийн тохиргоо /Public Posts/. Энэ хэсэгт фэйсбүүкт таныг олон нийт эсхүл найзын аль нь дагаж болох, олон нийтэд чиглэсэн бичвэр болон профайлд хэн сэтгэгдэл бичиж болох, твиттерийн хаягаа фэйсбүүкт холбох эсэхийг шийдвэрлэх боломжтой;
  • Програм хангамжийн тохиргоо /Apps/. Энэ хэсэгт фэйсбүүкийн хаягаараа нэвтэрсэн апп-ийн жагсаалт харах, тэдгээр апп-аас фэйсбүүкийн бүртгэлээ салгах зэрэг боломжтой;
  • Зар сурталчилгааны тохиргоо /Ads/. Энэ хэсэгт таны сонирхолд суурилсан зар сурталчилгаа үзэх эсэх, фэйсбүүк дэх зар сурталчилгаанд хандаж буй таны үйлдлийг хэн үзэж болох эсэхийг та шийдэх боломжтой;
  • Төлбөрийн тохиргоо /Payments/. Эндээс фэйсбүүкт таны төлсөн төлбөрийн огноо, нэр, төлөв, төлсөн дүн, төлбөрийн валют зэргийг удирдана. Энэ нь фэйсбүүкт төлбөр төлж зар сурталчилгаа явуулсан, олон хүнд өөрийн хуудас, бичвэрээ хүргэсэн зэрэгтэй холбоотой төлбөрийн зохицуулалт юм;
  • Санал, хүсэлтийн тохиргоо /Support Inbox/. Энэ хэсэг нь фэйсбүүкт хандсан гомдол /report/, фэйсбүүкийн тусламжийн багаас авсан зурвас, мэдээлэл, таны өөрийн фэйсбүүк хаягтай холбоотой чухал зурвасуудын нэгдмэл талбар юм;
  • Дүрс бичлэгийн тохиргоо /Videos/. Энэ хэсэгт дүрс бичлэгийн чанарыг тохируулах, аливаа дүрс бичлэг автоматаар эхлэх эсэхийг шийдэх боломжтой;

Твиттерийн хувьд фэйсбүүкийн нэгэн адил дээр дурдсан тохиргоотой. Тодруулбал, та өөрийн твиттер хаягийн settings хэсгээс аюулгүй байдал, нууцлал, нууц үг, мэдэгдэл, хүсээгүй буюу зохисгүй үгийн жагсаалт, хаалт буюу блок зэргийг өөрийн сонголтоор тохируулах боломжтой.

Энэ нийтлэлийг уншсаны дараа та яг одоо өөрийн фэйсбүүк, твиттерийн тохиргоог өөрт тааруулан тохируулаарай. Ингэснээр таны өдөр тутмын хэрэглээ болсон фэйсбүүк, твиттерийн хувьд илүү тайван, тухтай, аюулгүй орчин байх болно. Хэрэв тохиргоо хэсгийг өөрийн эх хэлээр харахыг хүсвэл дээр дурдсаны дагуу “Монгол” хэлийг сонгож хэрэглэх боломжтой.

Энэ мэдлэгээ өөрийн найз нөхөд, гэр бүл, ойр дотнын хүмүүстээ хуваалцаарай.

[2] Jillian D'Onfro. Here's how much time people spend on Facebook per day. Jul. 8, 2015 http://www.businessinsider.com/how-much-time-people-spend-on-facebook-per-day-2015-7