Цахим сайтын эрх зүйн зохицуулалт: Цахим хуудсын бүртгэл

Мэдээ, мэдээлэл

Цахим сайтын эрх зүйн зохицуулалт: Цахим хуудсын бүртгэл

Харилцаа холбооны тухай хуулийн 12.1, “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ын 3.4-т тус тус зааснаар Харилцаа холбооны зохицуулах хороонд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй мэдээ мэдээллийн Цахим сайтын үйлчилгээ эрхлэгч нь бүртгүүлэх зохицуулалт үйлчилж байна. Энэхүү бүртгэл нь Цахим сайтаар дамжуулан хууль бус болон хортой контент түгээхээс сэргийлэх, Цахим сайтын үйлчилгээ эрхлэгчдэд энэ талын мэдээлэл, зөвлөмж хүргүүлэх зэрэг ач холбогдолтой. Тодруулбал, Цахим сайтаар контент бүтээж, түгээх, сурталчлахад Монгол Улсын холбогдох хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг мөрдлөг болгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор контентыг зохицуулдаг. Энэ нь контент бүтээх, түгээхийг хориглосон явдал биш бөгөөд контентын үр дагаврыг зохицуулахад чиглэдэг юм. Өөрөөр хэлбэл, Цахим сайтаар дамжуулан түгээх контент нь хуульд нийцсэн, сөрөг үр дагаваргүй байх шаардлага тавигддаг гэсэн үг.

Хууль бус болон хортой контент

Олон улсын туршлагаар хуулиар хориглосон агуулгыг хууль бус болон хортой контентод хамруулах бөгөөд дараах ерөнхий чиглэлтэй байна.[1]

  • Үндэсний аюулгүй байдлыг хангах (жишээ нь: тэсрэх бөмбөг хийх заавар, хууль бус мансууруулах бүтээгдэхүүн, террорист үйл ажиллагаа, олон нийтийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирах);
  • Цөөнхийг хамгаалах (жишээ нь: хүчирхийлэл, садар самуун, маркетингийн аливаа хэлбэрээр цөөнхийг доромжлох);
  • Хүний эрхэм чанарыг хамгаалах (жишээ нь: арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, үзэн ядах буюу түүнийг өдөөн турхирах);
  • Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах (жишээ нь: залилан, зээлийн картын мэдээллийг хулгайлах заавар);
  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангах (жишээ нь: хорлон сүйтгэх хакердалт);
  • Нууцлалын хамгаалалтыг бэхжүүлэх (жишээ нь: хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй дамжуулах, цахим харилцаагаар дамжуулан дарамтлах);
  • Нэр хүндийг хамгаалах (жишээ нь: гүтгэлэг, өрсөлдөгч бүтээгдэхүүнээ гутаах чиглэлийн хууль бус зар сурталчилгаа );
  • Оюуны өмчийг хамгаалах (жишээ нь: програм хангамж, дуу хөгжим, кино зэрэг бүтээлийг зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээр түгээх).

Цахим сайтын контентын ангилал, бүртгэл

Зарим улсад контентын ангиллыг боловсронгуй болгох, харилцан мэдээлэл солилцох зорилгоор Цахим сайтын үйлчилгээ эрхлэгч болон зохицуулах байгууллага хамтран Цахим сайтыг бүртгүүлэх, бүртгэх хэлбэрээр ажилладаг байна.[2] Ингэхдээ Цахим сайтын бүртгэлийг харилцан мэдээлэл солилцох хэлбэрээр ашиглах бөгөөд заавал биелүүлэх үүрэг хүлээх нөхцөл болохгүй.

Цахим сайтыг ямар байгууллагад, хэзээ бүртгүүлэх талаар улс орнууд харилцан адилгүй зохицуулжээ. Тухайлбал, Азербайжан улсад 2017 оны 3 дугаар сард оруулсан Харилцаа холбооны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Цахим сайтын үйлчилгээ эрхлэгч нь тухайн үйлчилгээг эрхэлснээс хойш 15 өдөрт багтаан салбарын яаманд бүртгүүлэх, мэдээлэл өөрчлөгдсөн тухай бүрт 10 өдөрт багтаан бүртгүүлэх зохицуулалт үйлчилж байна.[3] Олон улсад Нийтлэг зохицуулалт бол төрийн эрх бүхий байгууллагад Цахим сайтыг бүртгүүлэх явдал юм.

Европын холбооны үндсэн нэгж болох Европын комиссоос 2015 онд танилцуулсан интернетийн зах зээл дэх онлайн контентын үйлчилгээг хил дамжуулан хүргэх баталгааг бүрдүүлэхтэй холбоотой зохицуулалтад дурдсанаар, Цахим сайтын үйлчилгээний хэрэглэгчийн хувьд аль улсын иргэн байхаас үл хамааран зөвхөн түүний үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөхөд хангалттай бөгөөд тусгайлан бүртгүүлэх шаардлагагүй. Бүртгэлийн харилцаанд хэрэглэгч бус Цахим сайтын үйлчилгээ эрхлэгч бие даан оролцох нь зүйтэй гэж үзжээ.[4]

Онлайн контент Цахим сайтаар дамжуулан түгээх нь олон нийтийн мэдээлэл авах эрх, эрх чөлөөтэй шууд холбоотой хэдий ч Цахим сайт дахь контентын эзэнд сэтгүүлчийн эрх, үүрэг хүлээлгэх нь зохимжгүй тул зохицуулах байгууллагад бүртгүүлсэн Цахим сайтад сэтгүүл зүйн үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэх хандлагыг олон улсад баримталж байна.[5]

Товч дүгнэхэд, Цахим сайтаар дамжуулан контент түгээх харилцаа нь олон нийтийн мэдэх эрхийн чухал хэсэг болохын хувьд хуульд нийцсэн байх, нийтийн эрх ашгийг хөндөхгүй байх шаардлагатай байна. Энэ шаардлагыг хангах, хэрэгжүүлэх арга замын нэг нь Цахим сайтын бүртгэл болж байна. Цаашид Цахим сайтын бүртгэлтэй хэрэглэгчдэд тогтмол мэдээлэл, зөвлөмж хүргэх, харилцан туршлага солилцоход түлхүү анхаарах нь Цахим сайтын бүртгэлийн гол ач холбогдол, хэрэгцээ болох нь харагдаж байна.

 

[1] How Countries Are Regulating Internet Content. Peng Hwa Ang /tphang@ntu.edu.sg/. Nanyang Technological University Singapore. https://www.isoc.org/inet97/proceedings/B1/B1_3.HTM

[2] Australian Government. National Classification Scheme Review (DP 77).  Industry bodies and their relationship with the Regulator http://www.alrc.gov.au/publications/7-who-should-classify-content/industry-bodies-and-their-relationship-regulator

[4] Proposal for a Regulation of the European Parliament and of the Council on ensuring the cross-border portability of online content services in the internal market http://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/?uri=COM%3A2015%3A0627%3AFIN

[5] Andrei Richter, Anya Richter. Online Content in the Russian Federation: Legislation and Case Law. January 2015 http://www.obs.coe.int/documents/205595/264641/IRIS+extra+Regulation+of+online+content+in+the+Russian+Federation.pdf/92fbce3f-b736-4c7f-a12d-534b198a26a5