Цахим орчин дахь зохисгүй зан үйлийг хуулиар зохицуулах нь: Итали улсын жишээ

Мэдээ, мэдээлэл

Цахим орчин дахь зохисгүй зан үйлийг хуулиар зохицуулах нь: Итали улсын жишээ

Итали улсад нэг жилийн хугацаанд цахим орчин дахь танхайрах үйлдэл, дарамттай холбоотой 7000 гаруй тусламж хүссэн гомдол хүлээн авсан байна.[1] Албан ёсоор ийнхүү гомдол гаргаагүй ч цахим орчин дахь дарамтын хохирогч болох тохиолдол бий. Тухайлбал, 3 жилийн өмнө буюу 2014 онд 14 настай Carolina Picchio хүү цахим орчны дарамтаас болж амиа хорлосон харамсалтай явдал тус улсад гарсан.[2] Үүнтэй холбоотой өргөн хэлэлцүүлгийн үндсэн дээр Итали улсын парламентаас 2017.05.17-ны өдөр “Цахим дарамтын эсрэг хууль” батлав.[3] Энэ хуулийн онцлогийг үүгээр танилцуулж байна.[4]

Шинэ хуулийн үйлчлэх хүрээ

Тус хуулийн зорилго нь цахим дарамт буюу цахим орчин дахь зүй бус үйлдлийг тогтоох, тийм үйлдлээс бусдыг, ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах, хохирохоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах, түүнчлэн цахим орчинд хүчирхийлэл үйлдэгчдийг дахин сурган хүмүүжүүлэх холбоотой харилцааг зохицуулахад оршино.

“Цахим орчин дахь зүй бус үйлдэл”-ийн тодорхойлолт

Тус хуульд “цахим орчин дахь зүй бус үйлдэл” гэдэгт “сэтгэлзүйн дарамт үзүүлэх, түрэмгийлэх, дарамт шахалт үзүүлэх, айлган сүрдүүлэх, гэмтээх, доромжлох, нэр төрийг нь гутаах, гүтгэх, өөрчлөх, хувийн мэдээллийг нь залилан мэхэлж авах буюу ашиглах, өөрчлөх, насанд хүрээгүй хүмүүсийн хувийн мэдээллийг хууль бусаар боловсруулах, цахим хэрэгслээр дамжуулан түгээх ... насанд хүрээгүй хүнийг бусдаас тусгаарлах, ганцаардуулахын тулд санаатайгаар буюу зориудаар үйлдэж буй ноцтой хүчирхийлэл, ноцтой халдлага, өргөн хүрээтэй, зохион байгуулалттайгаар үйлдэж буй зохисгүй зан үйл”-ийг ойлгоно гэж тодорхойлсон.

Цахим орчин дахь зүй бус үйлдлийн талаарх гомдол гаргах, шийдвэрлэх нөхцөл

Цахим орчин дахь хүчирхийлэлд өртсөн 14-өөс доош насныхан болон тэдний эцэг эх нь өгөгдлийг хянагч буюу вэб сайтын үйлчилгээ эрхлэгчтэй холбоо барьж хүчирхийлэл бүхий контентыг устгах, блоклох, хаахыг хүсэх, түүнчлэн нэн даруй устгуулах тухай хүсэлт гаргах боломжтой. Цахим хуудасны үйлчилгээ эрхлэгч нь 48 цагийн дотор хохирогчийг хамгаалах, цахим орчин дахь зохисгүй үйлдэл үргэлжлэхээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай бүхий л алхмыг хийх үүрэгтэй. Хэрэв энэ үүргээ биелүүлэхгүй буюу зохих ёсоор биелүүлэхгүй бол хохирогч, түүний эцэг эхийн хувьд төрийн эрх бүхий байгууллагад шууд гомдол гаргаж болно. Төрийн эрх бүхий байгууллага нь тийнхүү гаргасан гомдлыг хүлээн авснаас хойш 48 цагийн дотор цахим дарамт, цахим орчин дахь зохисгүй үйлдэл бүхий контентод тусгай арга хэрэгслээр хөндлөнгөөс нөлөөлөх буюу тийм контентыг устгах, хаах эрх мэдэлтэй. Мөн цахим орчин дахь зүй бус үйлдэл гаргаж буй этгээдэд шийтгэл оногдуулах эрхийг Өгөгдөл хамгаалах чиг үүрэг бүхий төрийн эрх бүхий байгууллагад өгсөн.

Цахим орчин дахь үйлчилгээ эрхлэгчийн үүрэг хариуцлага

Итали улсын хувьд Европын холбооны гишүүн улс болохын хувьд Европын холбооны шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Европын холбооны “Цахим худалдааны удирдамж” гэгдэх 31/2000/EC тоот удирдамж ёсоор “цахим орчин дахь үйлчилгээ эрхлэгч” гэдэг нь олон нийтийн цахим сүлжээ, онлайн зурвасын платформ зэрэг хэрэглэгч мэдээлэл оруулах боломжтой ингэснээр цахим дарамт, цахим орчинд хүчирхийлэл үйлдэх боломжтой цахим хуудасны үйлчилгээ эрхлэгч юм. Энэ хүрээнд цахим орчин дахь үйлчилгээ эрхлэгч нь Өгөгдөл хамгаалах чиг үүрэг бүхий төрийн эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах, харилцан туслалцах үүрэгтэй.

Гэмт хэрэг үйлдсэн хүмүүст илүү хатуу хариуцлага хүлээлгэх нь

Энэ хуульд Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдлийг цахим орчинд үйлдэх буюу цахим хэлбэрээр үйлдсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын хэмжээг Эрүүгийн хуульд зааснаас дордуулахгүй байх талаар заасан. Түүнчлэн, цахим орчинд 14 нас хүрээгүй хүн болон түүний гэр бүлийн эсрэг үйлдсэн нэр төр гутаах, заналхийлэх, хууль бус мэдээлэл боловсруулах гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулна. Мөн цахим орчинд хүчирхийлэл үйлдэж буй насанд хүрээгүй этгээдийн үйлдэлд Эрүүгийн хууль бус энэ хуулиар хариуцлага хүлээлгэх боломжтой болсон.

Боловсролын сайд, сургуулиудын үндсэн үүрэг:

Боловсролын асуудал эрхэлсэн төрийн эрх бүхий байгууллагаас цахим орчинд үйлдэх хүчирхийлэл, зүй бус үйлдлээс урьдчилан сэргийлэх удирдамж боловсруулах, батлах үүргийг тус хуулиар хүлээлгэсэн. Энэхүү удирдамжийг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх ёстой. Энэхүү удирдамжийн хүрээнд цахим орчин дахь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаарх бага хурал, семинар зохион байгуулах, нийтлэл гаргах зэрэг ажлыг хийх ёстой. Гэхдээ эдгээр ажлыг ямар сургууль, төрийн захиргааны байгууллага тухайлан хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна.

Төлөвлөх, мониторинг хийх үйл ажиллагаа

Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангах талаар Итали улсын хууль тогтоогч нар анхаарчээ. Тодруулбал, хуулийн хэрэгжилтэд мониторинг хийх, шинжээч, сонирхогч этгээдийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулах, Засгийн газраас цахим орчин дахь хүчирхийлэлтэй тэмцэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байх нөхцөлийг хуульд тусгасан байна. Мөн цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргийн мэдээллийн сан бий болгох нөхцөлийг тус хуульд зохицуулжээ.

Мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр, цахим орчин дахь хүчирхийллийн эсрэг хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд хуультай уялдуулсан олон шинэлэг арга хэмжээг төлөвлөж, зохих ёсоор, үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал байна.

 

[2] Italian Parliament Passes New Law to Protect Minors өrom Cyberbullying https://www.cybersmile.org/news/italian-parliament-passes-new-law-to-protect-minors-from-cyberbullying

[4]  Italian DPA welcomes anti-cyberbullying law amid fears on resources, effective enforcement. Jun 26, 2017 https://iapp.org/news/a/italian-dpa-welcomes-anti-cyber-bullying-law-amid-fears-on-resources-effective-enforcement/