Цахим орчин дахь хувийн мэдээллээ хэрхэн устгах вэ?

Мэдээ, мэдээлэл

Цахим орчин дахь хувийн мэдээллээ хэрхэн устгах вэ?

Цахим орчин дахь хувийн мэдээлэл гэдэгт ихэвчлэн төрсөн он, сар, өдөр, хаяг, гар утас болон суурин утасны дугаар, цахим шууданг ойлгоно.[1] Гэхдээ энэ нь хувийн мэдээллийн бүрэн жагсаалт биш юм. Учир нь цахим орчин дахь хувийн мэдээллийг задруулж үзвэл тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ.[2]

Гэвч цахим орчинд хувь хүний олон төрлийн хувийн мэдээлэл задарсан байдаг. Үүнд бид өөрсдөө буруутай төдийгүй бусад этгээдийн оролцоо ч нөлөөлдөг. Иймд цахим орчин дахь хувийн мэдээллээ хэрхэн устгах талаарх дараах зөвлөмжийг хүргэж байна.[3] Үүнд:

1. Онлайн худалдан авалт, олон нийтийн сүлжээ, цахим хуудасны хэрэглэгчийн бүртгэлээ устгах буюу идэвхгүй болгох

Таны хувьд интернетэд олон нийт үзэх боломжтойгоор өөрийн хувийн мэдээллийг байршуулсан юм биш биз? Хэрэв тийм бол өөрийн хаягийг устгах буюу хаах, идэвхгүй болгох боломж бий. Үүнийг хүсэхгүй бол, өөрийн хаягт нууцлалын тохиргоо хийх нь зүйтэй. Хэрэв нууцлалын тохиргоо нь хангалтгүй бол өөрийн хувийн мэдээллийг өөрчлөх буюу бодит бус мэдээллээр сольж болох юм. Дашрамд дуулгахад, төлбөртэйгээр таны хувийн мэдээллийг цахим орчиноос устгаж өгөх үйлчилгээ байдаг.[4] Ийм үйлчилгээ авах эсэх нь таны сонголт юм.

2. Мэдээлэл цуглуулдаг цахим хуудсаас өөрийн мэдээллээ устгах

Хэрэглэгчийн хувийн мэдээлэл болон зан үйлийн хэвшлийг цуглуулдаг маш олон төрлийн компани бий (Гүүгл, Фэйсфүүк гэх мэт). Тэдгээр компанийн хувьд таны цахим орчин дахь бүх төрлийн үйлдэл, мэдээллийг бүртгэн өгөгдөл болгож түүнийгээ сонирохсон этгээдэд зарж борлуулдаг. Иймд таны ямар мэдээлэл аль компанид байгааг өөрийн нэрээр хайж мэдэх нь чухал юм. Таны хувьд ийм компаниудтай хэлэлцээ хийж мэдээллээ устгуулах юм уу эсвэл төлбөртэйгээр хувийн мэдээллийг цахим орчиноос устгаж өгөх үйлчилгээ авах боломж бий. Гэхдээ энд анхаарах зүйл нь ямар хугацааны мэдээллийг устгах, таны мэдээллийн санг дахин үүсгэх эсэх юм.

3. Хувийн мэдээллээ цахим хуудаснаас шууд устгах

Таны хувийн мэдээлэл хэзээ, хаана, ямар байдлаар байршиж байгааг хайлтын систем ашиглан хайх байдлаар мэдэж болно. Ингээд та өөрийн хувийн мэдээллууд хаана байгааг мэдсэн бол тухайн цахим хуудас, блогийн вэбмастер, админтай хувийн шугамаар холбоо тогтоож, мэдээллээ устгуулах нь зүйтэй. Тухайн цахим хуудасны эзний мэдээллийг олохын тулд www.whois.com зэрэг домэйн нэрийн мэдээллийн санг ашиглах боломжтой. Үүнээс гадна тухайн вэб сайтны “Бидний тухай”, “Миний тухай”, “Contact us” зэрэг хэсгээс холбоо барих хаягийг олж болно.

4. Таны мэдээллийг илрүүлсэн хайлтын үр дүнг устгуулах

Bing, Yahoo, Google зэрэг хайлтын хүчирхэг системүүд бий. Үүнээс Гүүглийн хувьд хайлтын үр дүнг устгуулах хүсэлтийг шийдвэрлэх хэрэгсэлтэй.[5] Тухайн цахим хуудасны админ, эзний зүгээс таны хувийн мэдээллийг устгаагүй тохиолдолд энэ хэрэгслийг хэрэглэхэд тохиромжтой. Гүүглийн хэрэгсэл нь таны хувийн чухал мэдээлэл болох банкны дансны дугаар, гарын үсэг, түүний зураг, таны зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн дүрс бичлэгийг устгах боломжтой юм.[6] 

5. И-мэйл хаягаа устгах

И-мэйл хаягаа устгах арга нь таны хэрэглэж буй и-мэйлийн төрлөөс хамаарч харилцан адилгүй байдаг. Нэн түрүүнд өөрийн и-мэйл хаягаар нэвтэрч, дараа нь хаягаа устгах буюу хаах тохиргоог олно.

Эцэст нь хэлэхэд, дээрх алхмыг нэг өдөрт л багтаан дуусгачих боломжгүй бөгөөд интернетээс бүрэн устгачхаж болохгүй зүйлс бас байдгийг санах нь зүйтэй. Гол анхаарах зүйл бол, та интернетийг цаашид ашигласаар байх бол ямар мэдээллийг, ямар хүрээнд цахим орчинд байршуулах, дамжуулахаа үргэлж бодож байх нь зүйтэй юм.

 

[1] Jean Dion. 3 Ways to Erase Private Information from the Internet. April 29, 2015

https://www.searchenginejournal.com/3-ways-erase-private-information-internet/130644/

[2] Хувь хүний нууцын тухай хууль. 1997. http://legalinfo.mn/law/details/537?lawid=537

[3] Eric Franklin. Five ways to delete yourself from the internet. June 28, 2016 https://www.cnet.com/how-to/remove-delete-yourself-from-the-internet/

[4] Delete Your Personal Information from the Internet https://www.abine.com/deleteme/landing.php?utm_medium=blur-offer

[5] URL removal tool https://www.google.com/webmasters/tools/removals?pli=1

[6] Remove information from Google https://support.google.com/websearch/troubleshooter/3111061?visit_id=1-636116650151673329-2369127824&rd=1#ts=2889025%2C2889026