Бидний ой тогтоолтыг цахим хэрэглээ үгүй хийлээ гэж үү?

Мэдээ, мэдээлэл

Бидний ой тогтоолтыг цахим хэрэглээ үгүй хийлээ гэж үү?

            Хүн төрөлхтний ой тогтоолтод нэгэн шинэ өөрчлөлт гарсныг та бүгд анзаарсан уу? Бид тархиараа аливаа зүйлийг цээжлэхээсээ илүү өөрийн ухаалаг утсанд найддаг болсон. Энэ талаар эрдэмтэд одоог хүртэл талцсаар байна.

            Нэг хэсэг нь хүний ой тогтоолт эрт үеэсээ л тийм ч сайн байгаагүй гэх, нөгөө хэсэг нь цахим хэрэглээ бий болсноор хүн төрөлхтний ой тогтоолтыг үгүй хийж байна гэж маргах болжээ. Тэгвэл үнэхээр бидний оюун ухааны чадварыг цахим ертөнц орлох уу, эсхүл гол туслагч нь болсон уу?

"Мартана гэдэг маниас өмнө байсан юм"

            Сүүлийн жилүүдэд АНУ-ын өсвөр насны хүүхдийн 25% нь дотны найз болон гэр бүлийнхнийхээ зарим чухал мэдээллийг мартдаг, 7% нь өөрийн төрсөн өдрөө мартсан байдаг гэсэн судалгаа байна.

            Түүнчлэн 1990 оноос хойших залуусын ажлын ой тогтоолт 1980-аад оныхоос муудсан гэсэн судалгааг германы эрдэмтэд тогтоожээ. Хүний ажлын ой тогтоолт муудсанаар аливаа шийдвэр гаргах чадварт нь сөргөөр нөлөөлдөг аж. Үүнд цахим хэрэглээ, техник технологийн хөгжил хамааралтай байж магад гэсэн дүгнэлтэд хүрчээ.

            Хэдийгээр ой тогтоолтын талаар олон тооны судалгаа байдаг ч цахим хэрэглээний хөгжил хүний ой тогтоолттой шууд хамааралтай гэсэн баттай дүгнэлтийг эрдэмтэд хараахан өгч чадахгүй л байна.

            Түүгээр ч барахгүй цахим хэрэглээний өндөр хөгжил нь хүний тархинд шинэ төрлийн өдөөлт өгч тархины хөгжилд өөр шинэ шатны дэвшилтийг бий болгосон гэж үзэх эрдэмтэд ч бий.

            Зарим эрдэмтдийн үзэж буйгаар хүн төрөлхтний зориудын ой тогтоолт угаасаа л тийм ч сайн байгаагүй бөгөөд түүнийг судалж эхэлсэн нь цаг хугацааны хувьд 100 хүрэхгүй жил юм. Иймд зориудаар цээжлэх чадварыг ой тогтоолтын бүх үзүүлэлттэй холбон ойлгож болохгүй юм. Түүнийг цахим хэрэглээний нөлөөнд муудсан гэж хэлэх нь өрөөсгөл гэж үздэг байна.

Хүний ой санамж насан туршийнхаа үйл явдлыг нэгд нэгэнгүй санаж байдаг.

            Хүн өөрийн амьдралын бүх үйл явцыг санаж байдаг гэдэгт та итгэх үү? Яаж гэж үү хүнд зориудын ой санамж ба далд ой санамж гэж байдаг. Бид өөрт хэрэгцээтэй гэх мэдээллийг зориудын ой санамжид хийж хадгалдаг тул цаг ямагт та тэр мэдээллийг санаж байдаг. Жишээ нь таны ээжийн утасны дугаар, таны имэйл хаяг, шаардлагатай нууц дугаар гэхчлэн өдөр тутамд хэрэглэгддэг мэдээллүүд таны ил ухамсарт хадгалагдан үлдсэн байдаг.

            Гэтэл хэн нэгэн танаас түрүү жилийн 7 дугаар сарын 25-ны 12:30-14:30 цагийн хооронд юу хийсэн талаар асуувал энэ өдөр танд онцгой сэтгэгдэл үлдээсэн үйл явдал болоогүй л бол та тухайн цаг хугацаанд юу хийснээ санахгүй л болов уу. Гэхдээ таныг ховсын аргаар тухайн цаг хугацаанд юу хийж байсныг хялбархан яриулж болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр таны тархи далд ухамсартаа өөрийн амьдралын цаг мөч бүрийг яг л видео бичлэг шиг сийлэн үлдээж байдаг,  Ховсын аргаар хүн төрөлхтний тайлагдашгүй ухамсрын чадварыг сэтгэл судлаач нар илрүүлсээр байгаагийн нэг жишээ нь энэ болно.

            Гэхдээ хүн энэ бүх мэдээллээ ил ухамсартаа цаг ямагт байлгах боломжгүй тул та тэрхүү мэдээллээ далд ухамсартаа хадгалсан байдаг байна. Ийм ч учраас бид өдөр тутамдаа хэрэглэхгүй удсан мэдээллийг хурдан мартаж байдаг.  Харин цахим хэрэглээ бий болсноор бидний өдөр тутмын бяцхан мэдээллүүдийг яг л зөөврийн хаард шиг хадгалах боломжийг нээж өгсөн гэхэд болно.  

Цахим хэрэглээ бол бидний ой санамжийн зөөврийн хаард  

            Та анзаарсан бол facebook өглөө бүр танд хэдэн жилийн өмнө та тухайн өдөр хаана юу хийж байсныг сануулж байдаг. Яг л таны өдрийн тэмдэглэл мэт.  Та заримдаа өөрөө ч мартсан дурсамжийг тань цахим орчинд сануулж нэг талаар бидний амьдралыг илүү их хялбар болгож байна.

            Гэхдээ олон хүмүүс техник технологийн хөгжил хүний чадваруудыг саармагжуулж хүн төрөлхтнийг улам бүр залхуу, тэнэг болгож байгаа мэт бодож хойч ирээдүйдээ санаа зовних нь гарцаагүй юм. Эсрэгээрээ цахим хэрэглээ, техник технологийн хөгжил нь биднийг өөр шинэ олон чадвартай болох боломжийг бий болгосныг үгүйсгэх аргагүй юм.

            Урьд нь бид мэдлэгийг ойлгож биш, цээжилж олж авдаг байсан нь саяхан, Харин одоо цагт бид цахим хэрэглээгээр дамжуулж хүссэн мэдээллээ дахин санах боломжтой болсон тул мэдээллийн агуулга, ойлголтод илүү их ач холбогдол өгч олж авсан мэдээллээ ашиглан шинийг туйрвах болсон.

            Тиймдээ ч хүн төрөлхтний хөгжил улам бүр хурдсах болсон байх. Яагаад гэвэл бидэнд цээжилж суух цаг хугацааг цахим хэрэглээ болон техник технологи хэмнэж өгсөн учраас. Мэдээж цахим хэрэглээний зохистой хэрэглээ зүй ёсоор байх хэрэгтэй. Харин зохисгүй хэрэглэснээр бидний түгшиж байдаг олон асуудлууд үүссээр байгааг энд нуух юун. Техник технилоги болон цахим хэрэглээг зохистой хэрэглэснээр бидний хувьд илүү ихийг сэтгэж, илүү ихийг бүтээж туйрвах цаг  болоод байна.

Мэдээллийн эх сурвалж

  1. 费马:网络吞噬了你的记忆力吗?
  2. Larry Greenemeier :Piece of Mind: Is the Internet Replacing Our Ability to Remember?
  3. 维西希图德:互联网让我们的记忆衰退了吗?