Анхаарал сулралд цахим хэрэглээний үзүүлэх нөлөөлөл

Мэдээ, мэдээлэл

Анхаарал сулралд цахим хэрэглээний үзүүлэх нөлөөлөл

            Бидний ажил, амьдрал маань компьютер болон интернетгүй бол зогсонги байдалд орно гэхэд хилсдэхгүй. Түүнчлэн гэрэл цахилгаан тасарвал хувь хүний ажил байтугай цаашлаад улс эх орны ажил ч урагшилхааргүй харилцан хамаарлын эрин үед амьдарч байна     

            Хэдийгээр хүмүүс өдөр тутамдаа цахим ертөнцөд олон зүйлийг нэгэн зэрэг амжуулаад байгаа мэт санагдах боловч уг чанартаа та хийх ёстой ажлаа төлөвлөгөөний дагуу бүрэн гүйцэд хэрэгжүүлж чадаж байна уу?

            Цахим хэрэглэгчдийн дунд компьютерийн дэлгэцийн урд суух үедээ ихэвчлэн 3-аас доошгүй цонх нээж оюун ухаан, санаа бодлоо олон зүйлд зэрэг ашиглах нь элбэг байдаг. Тухайлбал, дуу сонсох, мэдээ унших, олон хүнтэй зэрэг чатлах, үгүй бол өөрийнхөө и-мэйлийг байн байн шалгах гэх мэт өөр бусад хэрэглээний жагсаалт цааш үргэлжилнэ. Үүнээс үзэхэд хүний анхаарал төвлөрөлтийн чадвар өнгөн талдаа сайжирсан мэт харагдаж болно. Ингэхэд та өөрийгөө нэгэн зэрэг хичнээн зүйлд анхаарал хандуулж байна гэдгээ шалгаж үзээрэй.

Хүний анхаарал төвлөрөл болж л өгвөл өөр тийшээ сарниж байдаг.

            Судлаачид хүний анхаарал ойролцоогоор 27.5 минутад 120 удаа өөр зүйлд шилжиж байдгийг тогтоожээ. Энэ нь таны тархи 1 минутад 4 удаа шинэ зүйлд анхаарал хандуулна гэсэн үг юм.

            Бостоны их сургуулийн 42 оюутны дунд анхаарлын төвшинг нь тогтоох зорилгоор маш энгийн аргаар судалгаа хийж үзжээ. Оюутнуудын өмнө телевиз болон компьютер байршуулж тэдний үйлдэл бүрийг дүрс бичлэгт буулгасан байна. Судлаачид камерт бичигдсэн оюутнуудын үйлдлийг нягтлан үзээд тэдний туршилтад орохын өмнө болон дараа авсан асуулгыг харьцуулан үзсэн байна.

            Туршилтын үр дүнд оюутнуудын компьютерт зарцуулах хугацаа нь зурагтын өмнө зарцуулах хугацаанаас илүү байжээ. Түүнчлэн хүн өөрийн анхаарал төвлөрүүлэх чадвараа сайн гэж боддог ч бодит байдал дээр хүний анхаарал хүлээн авч буй мэдээллийн төрлөөс хамаарч сарнилт нь ихэсч байдгийг тогтоожээ.

Залуу хүний анхаарал илүү тогтворгүй.

            Өөр нэгэн судалгааны үр дүнг танилцуулъя. Судалгаанд оролцогчдыг сургуулийн сурагчид болон сургуулийн ажилчид гэсэн 2 бүлэгт хуваасан байна. Судалгаанаас харахад сурагч нарын 46.2 хувь нь олон зүйлд нэгэн зэрэг анхаарал хандуулж аливаа зүйлсийг гүйцэтгэх дуртай байжээ. Тэдний нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх хугацаа нь 2.3 секунд байсан.

Харин сургуулийн ажилчдын 22.7 хувь нь л нэгэн зэрэг олон зүйлд анхаарал хандуулж ажлаа хийж байсан бөгөөд анхаарал төвлөрөх хугацаа нь 3.1 секунд байсан.

            Үүнээс дүгнэхэд хүмүүсийн мэдээлэлд хандуулах анхаарлын чадвар нь хүний наснаас хамаарч өөр өөр байна. Жишээ нь залуучууд нэгэн зэрэг олон зүйлд анхаарлаа хандуулж ажлаа хийх чадавхтай бол эсрэгээрээ ахимаг насны хүмүүс нэгэн зэрэг олон зүйлд анхаарлаа хандуулах нь тэдний ажлын гүйцэтгэлд сөрөг нөлөөтэйг ажиглан тогтоожээ. Тиймээс залуу хүний анхаарал илүү тогтворгүй байдаг болохыг судалгааны үр дүн харуулж байна.

            Мөн Их Британи улсын сэтгэл судлаач Линда Блэйр /Linda Blair/ олон жилийн турш хийсэн өөрийн клиник судалгаанд тулгуурлан хүүхдийн тархины хөгжилд дэлгэцийн хамаарал сөргөөр нөлөөлж байгааг анхааруулсан байна.

Түүнийхээр дэлгэцийн туяа болон хэт их мэдээлэл нь хүүхдийн тархин дахь кортизолын /нэгэн төрлийн стрессийн даавар/ хэмжээг нэмэгдүүлж байна. Энэ нь хүүхдийн анхаарал тогтворгүй байх гол шалтгаан болохоос гадна хүүхэд амархан ядаргаанд орж болохыг онцолжээ.

            Анхаарал суларснаар хүний суралцах чадвар, ой тогтоолт, сэтгэл хөдлөлөө хянах чадвар, ажлын гүйцэтгэл, шийдвэр гаргалт зэрэг бие махбодын олон нарийн тогтолцоонд сөрөг нөлөөтэй тул хүүхдээ дэлгэцийн хамааралд оруулахгүй байхыг анхааруулсан байна. Энэ нь насанд хүрсэн хүнд ч мөн хамаатай хэмээжээ.

Анхаарал төвлөрөлтөө хэрхэн зөв зохистой ашиглаж сурах вэ?

            Дээрх судалгаануудын гол давхацсан санааг багцлахад бид өдөр тутамдаа цахим хэрэгсэл болон олон нийтийн сүлжээг ихээр ашиглах нь анхаарал сулрах гол шалтгаан болсныг тодотгож байна.

            Тэгвэл бид анхаарал сулралаас хэрхэн өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ сэргийлж болох талаар дараах зөвлөгөөг хүргэе. Үүнд:

  • Өдрийн идэвхтэй байх цагаа интернетэд биш өөр чухал ажлыг хийж гүйцэтгэхэд хандуулах;
  • Өдөр бүр тогтмол 30-45 минутыг ном уншихад зориулах;
  • Хэрэгцээгүй мэдээллийн эх үүсвэрийг өөрийн цахим хэрэглээнээс хасах;
  • Цаг нөхцөөх гэж интернет ашиглахгүй байх /Видео бичлэг үзэх, тоглоом тоглох, бусдын facebook-ээр аялах гэх мэт/
  • Цахим хэрэглээндээ тогтмол дүн шинжилгээ хийж, өөрийгөө хөгжүүлэх шинэ арга боломжийг эрэлхийлэх;
  • Анхаарал төвлөрүүлэх дасгалыг өдөр тутам хийж сурах;
  • Тархиа амраах дадалд суралцах;
  • Чөлөөт цагаа цахим орчинд өнгөрөөх бол өөртөө хугацаа тохируулж сэрүүлэг тавин сануулах зэрэг болно.

Дээрх дадал зуршлыг та өөрийн өдөр тутмын амьдралд хэвшүүлж сурснаар цахим хэрэглээг зохистой ашиглаж өөрийн эрүүл мэндийг бага ч атугай хамгаалж буй илрэл болох юм.

Сэтгэл зүйч Д.Пүрэвсүрэн

Мэдээллийн эх сурвалж

  1. JOHN BROCKMAN:‘How Is the Internet Changing the Way You Think?’
  2. 心理学家:电脑屏幕分散学生注意力 家长应禁止
  3. Tadayima:互联网缩短了你的注意力